2013-03-20

Үйл ажиллагаа

Сүсэгтэн олонд захиалгат хурал номыг нь хурах, өдөр бүрийн цогчин уншлагыг унших, дүйчин их хурлуудыг шинийн 8, 15, 29 сахиус, битүүний хурал хурах зэрэг хэлбэрээр явуулж байна. Сүсэгтэн олны хүсэлтээр өөрсдийнх нь захиалсан номыг өөрт нь зориулж тусгайлан уншиж өгдөг бөгөөд жил, суудал, мэнгэ болон бусад заслуудыг хүн бүрт ирсэн даруйд нь хийж өгдөг юм. Мөн лам нартаа тогтмол хичээл сургалт явуулахын зэрэгцээ гадаад болон дотоодын шашны их дээд сургуулиудад суралцуулдагаас гадна бага насны лам нараа ерөнхий боловсролын сургуульд давхар суралцуулж байгаа болно. Сүсэгтэн олонд төрөл бүрийн сэдвээр хичээл заах, чөлөөт ярилцлага хийх, хүмүүсийн сонирхсон асуултанд амаар болон бичгээр хариулт өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулдаг болно. Нийтийг хамарсан спортын аялал, буяны гороо, овоо тахилга зэрэгт лам нар итэвхтэй оролцдог болно. Сүсэгтэн олонд зориулан бурхны шашны гол номлол болох ламримын сургааль “Гэгээн гэрэл” номыг хамба Цэдэндамба, зохион байгуулагч Ц.Оюун нар орчуулан хэвлүүлж түгээсэн болно. Зурхай зурж, төөрөг бодох, мэргэ төлөг тавих зэрэг үйлчилгээг явуулдаг болно. Дүүргийн болон хорооны төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран тэмдэглэлт өдрүүд болох цагаан сар, хүүхдийн баяр, ахмадын өдрийг тохиолдуулан уулзалт зохион байгуулах, боломжийнхоо хэрээр мөнгө болон эд зүйлийн тусламж үзүүлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зэрэг цөөнгүй хэлбэрийн үйл ажиллагааг тогтмол явуулж байна.

Цаашид хийхээр төлөвлөсөн зүйлс:

Сүсэгтэн олныг сэтгэл зүйн болон хүмүүжлийн уламжлалт нандин сургаалиар мэдлэгийг нь аривжуулах төрийн бодлогыг дэмжиж боломжтой зүйлсийг сүсэгтний дунд хэрэгжүүлэх бусад байгууллагуудтай хамтран ажиллаж болно. Хийдийн уншлагыг цаашид Монгол хэлээр явуулах зорилготой байгаа.